ЖИРЭМСНИЙ ҮЕИЙН БИЕ ЗАГАТНАЛТЫГ ТООХГҮЙ ӨНГӨРӨӨЖ БОЛОХГҮЙ

5 минут

Жирэмслэлт нь нарийн нууцлаг, гайхамшигт үйл явц бөгөөд энэ үед эмэгтэйн бие махбодод асар олон төрлийн өөрчлөлтүүд бий болдог. Эдгээр бие махбодийн бүтэц, үйл ажиллагаа болоод дааврын өөрчлөлтийн улмаас жирэмсэн эмэгтэйд зарим нэг өвөрмөц өвчин эмгэг тохиолддог.

Жирэмсний үеийн бие загатналтын өвөрмөц байдал

Жирэмсний үед ихэнхдээ гэдэс ба хөх орчим загатнаж байгаа нь тэр хэсгүүдэд бүтцийн өөрчлөлт буюу арьсны суналт явагдаж байгаатай холбоотой.

Гэвч жирэмсний үеийн бие загатналтууд өөр өөр хэв шинжтэй байдаг тул тэдгээр шинжээр нь ялган оношилдог. Жишээ нь: PUPPP эмгэгийн үе ихэвчлэн язралтын эргэн тойронд загатнаж, тууралт гардаг. Харин ICP — Жирэмсний үеийн цөс зогсонгишлын үед гар, хөлийн салаа, мөчдөөр шөнө оройдоо их загатнадаг. Гэвч ямарч тууралтгүй байдаг тул арьсны эмгэгээс ялгагдах онцлогтой.

Жирэмсний үед бие загатнах шалтгаанууд

  • Арьсны суналт, язралт — Анхны жирэмслэлт болон ихэр жирэмслэлтийн үед илүү тохиолддог.
  • Арьсны хуурайшил — Дааврын өөрчлөлтийн улмаас арьс хэт хуурайшдаг.
  • Үнэртэн болон хувцас, эдлэл хэрэглэлээс харшлах
  • Дааврын өөрчлөлтийн улмаас загатнах
  • ЦӨС ЗОГСОНГИШИЛ — ЖИРЭМСНИЙ ҮЕД ТОХИОЛДДОГ ЭЛЭГ ЦӨСНИЙ ӨВӨРМӨЦ ЭМГЭГ.
  • Жирэмсний үеийн арьсны загатнаат тууралт — Pruritic urticarial papules and plaques of pregnancy (PUPPP) Арьсны язралтын эргэн тойронд тууралт үүсч загатнадаг. Дээрх шалтгаан, хүчин зүйлийн улмаас үүсэх бие загатналтуудын дундаас Жирэмсний үеийн цөс зогсонгишлын улмаас үүсэх бие загатналтыг анзаарахгүй өнгөрөөж болохгүй. Учир нь энэ нь эх болоод урагт сөрөг эрсдлүүд бий болгодог.

ЖИРЭМСНИЙ ҮЕИЙН ЦӨС ЗОГСОНГИШИЛ (холестаз)

Ихэнхдээ жирэмсний сүүлийн 3 сард ямарч тууралтгүйгээр шөнө оройдоо гар, хөлийн салаа, мөчдөөр загатнах зовиур илэрдэг. Эмгэг жамын хувьд бүрэн тайлбарлагдаагүй ч генетикийн, дааврын, хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд голлон нөлөөлдөг гэж үздэг. Холестазтай жирэмсэн эхчүүдэд шөнө оройдоо бие загатнах, улмаар нойргүйдэх, шарлах, өөх тосны солилцоо алдагдах зэрэг шинж тэмдэг илэрсэнээр амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх ч эхийн талаас авч үзвэл тавилан сайтай эмгэгт хамаарна. Харин ургийн талаас авч үзвэл дутуу төрөлт, ургийн дистресс хам шинж, ураг гэнэт амьгүй болох, УОШ-ий бохирдол зэрэг хүндрэл тохиолддог.

Иймээс жирэмсэн эмэгтэй танд ийм шинж тэмдэг илэрсэн бол яаралтай жирэмсний дотрын эмчид хандахыг зөвлөж байна. Жирэмсний үеийн холестазыг эхэд илэрч буй эмнэлзүйн шинжээр ялган оношилж болох авч биохимийн шинжилгээнд НИЙТ ЦӨСНИЙ ХҮЧИЛ (TBA) тодорхойлох нь оношийг батлах, мөн урагт үүсч буй сөрөг эрсдлийг үнэлэх өндөр ач холбогдолтой юм. Манай улсын практикт жирэмсний үеийн холестазыг оношлоход биохимид Шүлтлэг фосфотаза (ШФ) шинжилгээний үзүүлэлтийг авч үздэг. Гэвч энэ шинжилгээ нь жирэмсний холестазыг ялган оношлох болон урагт үүсэх эрсдлийг үнэлэхэд ач холбогдолгүй юм. Учир нь жирэмсний үед ШФ нь ихэсээс ялгарч байдаг тул физиологийн ихсэлттэй байдаг. Хэрэв танд жирэмсний үеийн холестаз буюу цөс зогсонгишилтэй төстэй шинж тэмдэг илэрсэн бол дур мэдэн эм, эмчилгээ хэрэглэхгүй зөвхөн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө авахыг дахин сануулж байна. Доор жирэмсний үеийн бие загатналтыг бууруулах аргуудыг санал болгож байна.

  • Хэрэглэдэг сүрчиг, угаалгын нунтаг, саванг солих эсвэл хэрэглэхгүй байх
  • Нийлэг материалтай хувцас өмсөхгүй байх, ө.х амьсгалдаг, цэвэр даавуун материалтай хувцас өмсөх
  • Арьс чийгшүүлэгч лосьон, тос тогтмол хэрэглэх –олив, кокосын тос
  • Холестазын үед бол ментолтой тос түрхэх
  • Шингэн зүйл сайн уух, гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх
  • Сорви арилгах тос түрхэж үзэх (бага зэргийн загатналтыг багасгана)
  • Хүнсний хэвэгтэй баннд орох, арьсандаа тараг түрхэх
  • Хүйтэн чийгтэй алчуураар биеэ арчих, загатнасан хэсэгт хүйтэн бигнүүр тавих
  • Хушга идэх, халуун ногоо, архи пиво хэрэглэхгүй байх
  • Мэргэжлийн эмчийн зөвлөсөн эм, эмчилгээг хэрэглэх

    Жирэмсний дотрын эмч, магистрант Д.Гэрэлмаа
Нийтлэл хэр санагдав?
+1
4
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
Өмнөх

Сэтгэлзүйн гэмтэл