Сэтгэлзүйн гэмтэл

11 минут

Сэтгэлийн гэмтлийг маш олон байдлаар тодорхойлдог. Гэхдээ тэр олон тодорхойлолтын нийтлэг нэг шинж нь аливаа асуудалд хүчин мөхөстөх, тухайн орчноос зугтаамаар байв ч зугтаах боломжгүй, тухайн асуудлыг бие даан шийдэх чадваргүй үед үүсдэг сэтгэлийн шарх юм. Тэгэхээр тухайн үйл явдлаас илүү бидний бие физиологоос үзүүлж байгаа хариу үйлдэл сэтгэлийн гэмтлийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл нэг үйл явдалд хоёр хүн өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг. Тийм ч учраас магадгүй таны туулсан зүйл бусад хүмүүст тийм ч хэцүү биш мэт санагдаж, бусдын туулсан зүйл танд тийм ч хэцүү биш мэт санагдаж болно гэсэн үг юм. Сэтгэлийн гэмтэл үүсэх үү үгүй юу гэдэгт маш олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд тухайн нөхцөлд өөрийн мэдрэмжээ шүүмжлэл дагуулалгүй бусдад  илэрхийлэх боломж байсан эсэх, тухайн хүний эргэн тойронд өөрийг нь дэмжих найз нөхөд байсан эсэх, тухайн нөхцөл байдлаас зугтаах боломж байсан эсэх, мөн тухайн хүний бие физиологийн онцлог буюу нас, сэтгэц хөгжлийн аль үе шатанд үүссэн эсэх, цаашлаад стрессийг мэдрэх зааг (хүн болгоны стресс мэдрэх зааг нь өөр өөр байдаг) , сэтгэлийг шархлуулах орчин хэр удаан хугацаанд үргэлжилсэн,  тэдгээрт хандах темперамент зэрэг хүчин зүйлс нөлөөлнө.  Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа, архидалттай орчинд өсөж буй хүүхдэд мэдрэмжээ ил гаргаж хэлэх орчин байхгүй, зугтаах газар, очих хүн үгүй, ганцаараа шаналж буй тохиолдолд сэтгэлийн гэмтэл үүсдэг байхад, яг ийм орчинд өсөж байгаа өөр нэгэн хүүүхдийн хувьд эцэг эхийн аль нэг нь чадлаараа сонсдог, магадгүй хүүхэддээ сэтгэл зүйн нэмэлт зөвлөгөө үйлчилгээ авдаг бол сэтгэлийн гэмтэл үүсэх магадлал нь багасна гэсэн үг. Ихэнх тохиолдолд, бидний мэдрэхийг хүсээгүй зүйлс, мэдрэхээс татгалзсан сөрөг сэтгэл хөдлөлүүд, түүнтэй холбоотой ой санамжууд бидний далд ухамсарт хадгалагдан үлддэг билээ. Бодол дотроо доош нь дарж, далдалсан энэхүү мэдрэмжүүд ямар нэгэн байдлаар эргэн гарч ирдэг гэдгийг Психоанализын эцэг гэгддэг Зигмунд Фройд анх олж нээсэн байдаг. Тэр үеэс хойш хэдэн арван жилийн дараа тархи судлалын салбарт Ледукс эрдэмтний хийсэн судалгаагаар мөн л ижил үр дүн гарсан. Ледуксийн хэлснээр, бидэнд тохиолдсон аливаа сөрөг үйл явдлыг бид танин мэдэхүйн чадвар, логикоо ашиглаад хэзээ ч болоогүй мэтээр аашилж, мартсан дүр үзүүлж болох ч, тухайн үйл явдалтай холбоотойгоор үүссэн сөрөг сэтгэл хөдлөлүүдийг байхгүй мэтээр аашилж болдоггүй. Тэдгээр сөрөг сэтгэл хөдлөл далд ухамсарт хадгалагдаж, бидний ухамсарт удирдлагагүйгээр гадны сэдээгч хүчин зүйлсийн нөлөөнд автоматаар сэдэрч, ил гарч байдаг. Багадаа хэлэх гэсэн зүйлээ хэлж чаддаггүй эсвэл түүнийг нь сонсдоггүй байсан хүүхэд том болоод бусдыг үл хүндэтгэж, гомдоосон ч хамаагүй боломж гарах болгонд хэлэх гэснээ хэлсээр байх. Өмнөх найз залуудаа хууртаж байсан эмэгтэй өөрийгөө арчаагүй мэтээр төсөөлж, хуурч байсан шинж тэмдгүүдийг нь олж хараагүйдээ өөрийгөө буруутгаж, шинэ найз залуутайгаа учрахдаа хууртах вий гэсэн айдсыг тээж, юм болгоныг хоёр дахин шалгаж, жаахан л эвгүй болоход шууд хууртаж байна гэсэн алдаатай бодлоор нөхцөл байдлыг үнэлэх. Сургуулийн орчинд дээрэлхүүлж байсан хүүхэд том болж ажлын орчинд гараад, уулзалт хурал дээр бага зэрэг санал зөрөлдөхөд бусдад шоолуулж байгаа мэтээр нөхцөл байдлыг буруу дүгнэх. Багадаа байдаг чадлаараа хичээнгүйлэн суралцаж байсан ч эцэг эхчүүд нь “чи юу ч чадахгүй, тэнэг хүүхэд” гэж хэлүүлдэг байснаас өөрийгөө ямар ч чадваргүй хэмээн үнэлсэн хүүхэд том болоод, ажлын байранд гараад, хариуцлага оноож ажил шаардахад “би угаасаа чадваргүй, тэнэг юм чинь” гэдэг өөрийн буруу бодолдоо удирдуулан, тухайн хариуцлагыг хүлээхгүй байх шийдвэрийг гаргах. Багадаа хэнд ч тоогдохгүй, эцэг эх нь анхаарал тавьдаггүй байсан хүүхэд өөрийгөө чухал биш хэмээн мэдэрч, том болоод найз нөхдийн харилцаанд өөрийгөө бусдад тоогддоггүй, чухал биш нэгэн хэмээн нөхцөл байдлыг алдаатай дүгнэх. Энэ мэтээр бидний, тухайн үед нь  нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөгүй, тухайн үед нь арга хэмжээ аваагүйн улмаас сэтгэлийн гэмтэл, сорви үлдэж, дараа нь үр нөлөөгөө үзүүлсээр байдаг. Хамгийн аюултай нь, эдгээр нөлөө нь ухамсарт удирлагагүйгээр буюу автоматаар нөлөөлж байдаг учраас бид тэр болгон мэдрээд байдаггүй. Ийнхүү бий болсон сэтгэлийн гэмтлийг  орчин тойронд сануулах болгонд бидний далд ухамсар биднийг хамгаалж, тухайн үеийн өвдөлтийг мэдрүүлэхгүйн тулд хамгаалах механизмаа ажиллуулсаар байдаг. Бидний амьдралд тохиолдсон зүйлс ийнхүү бидний ой санамжинд хадгалагдаж, эргээд бидний үг, үйлдэл, хандлага, ертөнцийг харах өнцөг болон шийдвэр гаргалтанд нөлөөлж байдаг. Гэтэл зарим сэтгэлийн гэмтэл хэзээ үүссэнээсээ шалтгаалаад саная гээд ч санаж чадахгүй байдалд хүргэдэг. Жишээлбэл, маш бага насанд буюу нярай байх үед үүссэн сэтгэл хөдлөл, айдас зэрэг нь тархины гүнд орших бүйлс хэлбэрийн булчирхайд, амигдалад хадгалагддаг. Энэ бүтцийн үйл ажиллагаа нь хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болох үеэс эхэлдэг бөгөөдээжээрээ дамжуулан ээжийнхээ мэдэрсэн айдас, түгшүүрийг ой санамжиндаа хадгалж байдаг. Нялх хүүхэд эхний хэдэн жилд эргэн тойрны үйл явдлуудыг маш идэвхтэйгээр бүртгэж байдаг бөгөөд энэ үед тархины хөгжил амьдралын аль ч өөр үед байдаггүйгээр идэвхтэй явагдаж байдаг. Ингэхдээ хүрэх, үнэрлэх, сонсох, амтлах, харах 5 мэдрэхүйгээр мэдэрч, бүртгэдэг. Ээжийн тань таныг үнсэх үнсэлт, таныг тэврэх тэврэлт, аавын тань таныг хараад инээх инээд, тантай хөтлөлцөх гар, хайртай шүү гэж хэлэх үг, энэ хорвоод бидэнд ирсэнд баярлалаа гэсэн дулаахан үгс бүрийг бид мэдрэхүйгээрээ дамжуулан далд ой санамждаа хадгалдаг. 

Харамсалтай нь, эдгээр сайхан дурсамжийн адил сөрөг дурсамжууд буюу таныг алгадах гар, таныг дуугай байгаач, уйлахаа болоич гэж орилох хашгирааны чимээ, таныг өрөөн дотор ганцаараа уйлуулан орхих орхигдсон, хаягдсан мэт мэдрүүлэх мэдрэмж, таныг диван дээр ус асгасны эсвэл өөр ямар нэгэн алдаа хийсний төлөө толгой дундуур чинь цохиод авах гар, чам шиг юмнаас болж, чи төрснөөс болж би ингэж зовж байна гэх эцэг эхийн тань дуу хоолой зэрэг сөрөг мэдрэмжүүд мөн адил бүртгэгддэг. Эерэг, сөрөг бүх мэдрэмжүүд энэхүү имплисит буюу далд ой санамжид хадгалагддаг. Эдгээр эерэг, сөрөг мэдрэмж бидний үл ухамсарт үлдээд, амьдралын туршид гадны сэдээгч хүчин зүйлсийн нөлөөнд их, бага хэмжээгээр сэдэрч байдаг. Зарим сөрөг, маш хэцүү мэдрэмжүүд насанд хүрсэний дараа огцом сэдэрч, гэнэт маш бага насандаа эргэн очсон мэт, бага насанд тохиолдсон зүйлс нь яг одоо тохиолдож байгаа мэтээр биед мэдрэгдэж ч болдог. 

Сэтгэлийн гэмтлийг эдгээгээгүй тохиолдолд, бид амьдралдаа тохиолдож байгаа зүйлсэд ухамсартай, тунгаан бодсон хариултыг өгөхөөсөө илүүтэйгээр ухамсаргүй, түргэн, шуурхай, алдаатай хариу үйлдлүүдийг үзүүлсээр явдаг. Тийм ч учраас аливаа сэтгэлийн гэмтлийг шийдэж чадаагүй байгаа тохиолдолд, түүнийг эргэн харж, тухайн өнгөрсөнд тохиолдсон зүйлийг өөрчлөхийн тулд биш харин хүлээн зөвшөөрч, өөртөө тухайн үедээ мэдэрч чадаагүй эсвэл мэдрэх боломж байгаагүй эерэг болон сөрөг мэдрэмжүүдээ мэдрэх боломжийг олгох нь сэтгэлийн гэмтлээс эдгэрэх эхний алхам болох юм. 

Эх үүсвэр: 

Cozolino, L (2010). The neuroscience for psychotherapy. Norton series of Neurobiology

Нийтлэл хэр санагдав?
+1
10
+1
1
+1
1
+1
0
+1
1
+1
0
Өмнөх

Өөртөө талархах мөч

Дараах

ЖИРЭМСНИЙ ҮЕИЙН БИЕ ЗАГАТНАЛТЫГ ТООХГҮЙ ӨНГӨРӨӨЖ БОЛОХГҮЙ