Өөртөө талархах мөч

6 минут

Зорилго хүсэл мөрөөдөл ар араасаа ундрах нь сайхан ч заримдаа яг л Улаанбаатарын замын түгжрэл шиг таг зогсчихдог үе цөөнгүй.

Хүрэхийг хүсээд байгаа газраа мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч урагшилж өгөхгүй, бас ухарч болохгүй…

Яавал дээр вэ гэж бодоод ч хариу гарч өгөхгүй… Ийм үед өөртөө талархаад аядуу тайвнаар бодож үзэх нь үр дүнтэйг мэдэрсэн.

Заримдаа өөртөө хачин их уур хүрнэ, азгүй ч юм шиг, тэнэг ч юм шиг … ийм бодол төрдөггүй хүн цөөнгүй гэдэгт итгэлтэй байна. Ил гаргахгүй л болохоос бид ихэвчлэн ичих, харамсах үедээ өөрийгөө буруутгадаг.

Нэг талаас сайн хэрэг! Өөрийгөө өөр нүдээр харж, зэмлэж, засах гэж оролдоно гэдэг бол сайн тал гэж боддог. Яагаад гээч, бусадруу буруугаа чихчихээд, хээв нэг “би ямар яасын” гээд суусаар байвал яг тэгж бодогдсон үеийн өөртэйгөө их удаан амьдрах болох байх. Магадгүй насан туршдаа. Урагшлахгүй юмаа гэхэд ухармааргүй л байна шдээ тиймээ.

Харин муу зүйл нь бид өөрсдийгөө сайжруулах гэж байна гэж хэтэрхий их шүүмжилж, хатуурхаад өөрөө өөрийгөө шархлуулдаг гэдгээ мэддэггүйд асуудал бий. Яг эндээс л асуудал томорч, муудаж эхэлдэг юм шиг. Би тэгчихсэн дээ гэдэг бодол би тэгдэг юм дөө болж хувираад нэг л мэдэхэд би үүнийг чадахгүй ээ, би үүнийг мэдэхгүй ээ, би үүнийг туршаад дэмий байх өө гэдэг үл итгэлтэй үгс, бодол дунд дарагдаж орхино.

Давс хужрыг нь тааруулахын тулд өөрийгөө зэмлэж чаддаг шиг өөрийгөө урамшуулаад үзээрэй.

Аан тийм бид өөрийгөө урамшуулахдаа хүссэн зүйлээ авч өгөөд хүслээ биелүүлж, хэсэг баяр хөөртэй болдог үеийг давтаарай гэх гээгүй юм шүү.

Зүрх сэтгэл, оюун бодлоо урамшуулах тал дээр илүү их төвлөрөөд үзээрэй. Өөрийнхөө хэрэглэдэг аргаас хуваалцвал, заримдаа

•мэдэхгүй газарт очиж адал явдал хайж өөрийнхөө хичнээн сониуч бас зоригтой байгаагаа өөртөө мэдрүүлдэг.

•цэцэрлэгт хүрээлэнд юу ч бодохгүй тойрч алхангаа амрах, сайхан зүйлс үзэх боломжийг бүрдтэл ажиллаж, амьдралын амар амгаланг мэдэрч чадаж байгаагаа өөртөө мэдрүүлдэг

•дасгал хөдөлгөөн хийж тууштай бас хичээл зүтгэлтэй гэдгээ өөртөө сануулдаг

•бусдад сайн зүйлс хийж өгч энэрэх хайрлах сэтгэлтэй хүн шүү гэдгээ өөртөө ч мэдрүүлж бас сануулдаг. Жижиг шарх угаас бүхий л хүнд үүсдэг ч бусдад мартагдахгүй том шарх, бусдын амьдралд хар толбо үлдээдэг хүн болохгүй гэж хүүхэд байхаасаа зүрхэндээ хатуу шийдсэн болохоор магадгүй түүндээ хүрч байгаагаа өөртөө батлах гэсэн бас нэг оролдлого ч байж мэднэ ээ.

•амттай, эрүүл хоол хийж өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьж чаддаг, үүнийгээ ирээдүйн гэр бүлдээ ч хүртээж чадна гэж зөв зуршилтайгаа өөртөө сануулдаг

•олон төрлийн цэвэрлэгээ . Эзэн нь байхгүй болсон захиа, зураг гээд л намайг болон миний дэргэдэх хүмүүсийг өвтгөж, шархлуулж магадгүй зүйлсийг устгаж эсвэл хортой харилцаануудаас холдож, шууд утгаараа бол гэртээ өдөр бүр 2 удаа цэвэрлэгээ хийж эрүүл мэнд, сэтгэл зүй талаасаа өөрийгөө хамгаалж чаддаг хүчтэй гэдгээ өөртөө мэдрүүлдэг

•шархалж, гомдсон эсвэл ядарч шантарсан олон мэдрэмжүүдийг зөвөөр тайлж, гарцыг нь ухаалгаар олох гэж хичээдэг, бусдын оронд өөрийгөө тавих чадвартай гэдгээ ч бас өөртөө ойр ойрхон сануулдаг. Юу ч тохиолдсон давах хүч авахын тулд.

•бэлэг. Аз жаргалтай мэдрэмжийг заавал бусдаас хүлээхгүйгээр үүсгэх. Жишээ нь өөртөө гоёмсог цэцэг авч өгөөд түүнийг бариад инээмсэглээд алхаж байхдаа сайхан зүйлсийг мэдрэх, хүртэх эрхтэй бас үүнээс ч илүү жаргалтай болж чадна гэж гэрэлтэй, сайхан ирээдүйг өөртөө мэдрүүлдэг.

Энэ мэтчилэн бид өөрсдийгөө урамшуулж, өөртөө талархах мөчийг ихэсгэж чадвал өнөөх амжилттай, бүтээмжтэй байдал нэг мэдэхэд л чиний, миний, бидний нэг хэсэг болоод хүсэл мөрөөдөлдөө хүрэх замыг дөтлөөд өгнө.

Өөртөө баярлалаа гэж хэлээрэй.

Өдөр бүрийг илүү сайн байлгах гэж хичээж байгаа чи бас би үнэхээр хамгийн сайнаараа байгаа гэдгээ санаад өөртөө урам өгөөрэй, алдсан, хойш суусан, бүтэлгүйтсэн өөрийгөө уучлаарай.

Нийтлэл хэр санагдав?
+1
13
+1
1
+1
3
+1
3
+1
0
+1
2
Өмнөх

Бусдын суралцах аргаас сурсан арга барил

Дараах

Сэтгэлзүйн гэмтэл