Бусдын суралцах аргаас сурсан арга барил

6 минут

Бусдыг амарч байхад суралц, бусдаас түрүүлж сур гэх мэт үгсийг уншиж байгаагүй хүн бараг байхгүй биз ээ. Тууштай байж, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх талаар энэ мэтчилэн бид олон зүйлийг уншиж сурч байдаг ч энд өөрийнхөө бусдаас сурч авсан чухал 3 аргын талаар бичих гэж байна.

Бусдын сурах арга барилыг сонсоод, уншаад ямар мундаг юм бэ гэж бодоод өнгөрөхөөс илүү би энэ аргаар сурвал ахиц гарах болов уу, энэ аргуудаас надад байдаггүй нь юу байна, байхгүйгээ өөрийн болгох гарц хаана нь байна гэдэг хандлагаар хандаж эхлэсэн нь цэгцтэй сэтгэдэг болоход илүү их туслахаас гадна, бусдын сурдаг, ажилладаг арга барилд уян хатан бас илүү олон талаас харж сургалаа. Өмнө чаддаг байсан ч илүү сайн түвшинд хүргэж чадсан. Дахиад ч илүү хөгжүүлэх хэрэгтэй байгаа.

  1. Хойш тавьж, шалтаг хайхгүй байх амархан аргыг би найз Одмаагаасаа сурсан. Бид үр дүнтэй суралцах талаар ярьж байхад түүний өгсөн хамгийн үнэтэй бөгөөд чухал зөвлөгөө нь: Би үүнийг сураад яах гэж байгаа билээ? Үүнийг хийснээрээ сайн үр дүн нь юу билээ? Залхуурсан үедээ “Яагаад одоо биш гэж?” өөрөөсөө асуугаад ийм учраас одоо биш гэсэн хариулттай үедээ л хойшлуулах, тийм хариулт байхгүй байвал “шалтаг олж” өөрийгөө залхууруулахгүй байх.
Яагаад одоо биш гэж?

2. Төвлөрч сурна гэдэг бодсон шиг амархан зүйл биш. Үүнтэй олон ч хүн санал нийлж, олон ч хүн сурах гэж хичээж байгаа. Харин хичээж байгаа олон хүмүүсийн нэг болох Буяагийн олон сайн талт, хөөрхөн бас үр дүнтэй аргаас сурсан. Тэр нь юу вэ гэхээр төвлөрөхөд тусладаг апп ашиглах. Орчин үеийн хөгжлийг амьдралынхаа хэв маягтай хослуулах санадаг санаа. Буяа Forest гэдэг апп дээр мод тарьж утсаа оролдохгүйгээр хийж буй зүйлдээ анхаарч, давхар байгалиа хайрлах сэтгэл, хандлагаа дэмждэг гэдгийг Токио дахь Онигиричууд “Onigiris in Tokyo” подкастаас сонсож сурч авсан. Би гэхдээ мод биш загастай апп ашиглаж эхлэсэн. Та нар Forest болон FishCure гээд хайгаад сонирхоод үзээрэй. Зузаахан номоо эхлүүлэхэд маш том тус болсон бас утсаа оролдохгүй 25 минутаас дээш уншаад суухад номондоо ороод юун утас болно хэхэ.

Буяагийн оролцсон дугаар нь энэ шүү. Сонсоод үзээрэй.

3. Ангийнхнаасаа буюу Япончуудаас сурсан арга барил бол ялсан, ялагдсан ч хийх ёстойгоо хийсээр л байх. Тууштай байдал юмуу даа. Мэргэжлийн хүнд шалгалтууд дээр гадаад оюутан бүү хэл Япончууд ч үг үсгээ андуурснаас болоод уначихдаг. Эндээс нэг том ялгаа харагдсан нь Япончууд унасан ч, тэнцсэн ч энэ удаад ийм байлаа, дараагийн удаад илүү сайн болохын тулд гээд хичээл зүтгэлээ үргэлжлүүлдэг.

Бас бууж өгөхдөө тулвал үнэхээр олон удаа оролдож үзснийхээ дараа бууж өгдөг. Инстаграм дээр надад ийм зурвас ирж байсан юм “Би япон хэл сурах гэсэн чинь хүмүүс хэцүү гээд байхаар нь больчихсон юмаа , тэгтэл би 12-р ангиа төгсөөд Япон явмаар байна” гэж. Өөрөө эхлээд хийж үзээд, болохгүй зүйлсийг нь хайж олж засах гэж үзээд тэгээд ч болохгүй, ёстой яагаад ч болохгүй үед л бууж өгөх ёстойг сурсан. Яг үнэндээ болохгүй зүйлс их ховор бидэнд л болгохыг хүсдэггүй шалтаг ихдээд байдаг юм шиг санагдсан. Бид робот биш учраас өөрөө өөрийгөө засаж чадна. Роботын ажиллагаанд асуудал гарахад зохиосон хүмүүс эсвэл өөр хэн нэгэн нь ирж засахыг хүлээхээс өөр аргагүй болно. Тэгтэл бид тийм биш атлаа заавал хэн нэгнийг хүлээсээр цаг хугацаа алддаг. Өөрөө өөрийгөө бүтээж, бусдаас суралцахад үргэлж нээлттэй байцгаая бүгдээрээ. Зөвхөн сайн зүйлээс гэлтгүй муу жишээнээс ч бид сурч байдаг шүү дээ.

Зорилго мөрөөдөл бидэн дээр ирэхийг хүлээх бус өөрөө урагшилж тэнд хүрэхийн төлөө хичээх

Энэ бичвэр минь багахан ч болов тус болох байх гэж найдаж байна. Уншсанд баярлалаа. Мөн өөрийнхөө суралцдаг арга барилаасаа хуваалцаарай. Амжилт хүсье!

Нийтлэл хэр санагдав?
+1
4
+1
1
+1
12
+1
1
+1
4
+1
1
Өмнөх

Өвлийн улиралд хүүхдүүдээ өвчлүүлэхгүй байх буюу өвөлжих АРГА

Дараах

Өөртөө талархах мөч