Мөөмөө мөөмдөх урлаг

6 минут

Өнгөрсөн сард хөхний эмгэгийн дүрс оношлогооны (breast imaging) тойролт дээр суралцсан юм. Олон охид эмэгтэйчүүд, ээж эмэгтэйчүүд, эмээ эмэгтэйчүүд ирж хөхний зураг авалтад орох юм. Хөхний зураг авалт гэж 40-с дээш насны эмэгтэйчүүд жил бүр хөхний рентген зураг (mammography) болон хөхний хэт виа оношлогооны шинжилгээ хийлгэхийг хэлнэ. 

Хөхний хавдрын үед анхдагч урьдчилан сэргийлэх хийх боломжгүй. Анхдагч урьдчилан сэргийлэлтэд бидний төрөхдөө хийлгэсэн вакцинууд орно. Вакцин хийлгэлээ өвчин тусахгүй. Харин хөхний хавдрын үед вакцин байхгүй, шалтгаан нь 100% тодорхой бус харин эрсдэлт хүчин зүйлүүдийг нь тодорхойлоод байна. Тиймээс хоёрдогч урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэг хөхний хавдрын үед маш чухал.  

Хөхний хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолдох хамгийн түгээмэл хавдар юм. Дэлхийн хэмжээнд шинээр оношлогдсон нийт эмэгтэйчүүдэд тохиох хавдрын 25%-г хөхний хорт хавдар эзэлдэг ба жил 500 мянга орчим хүн уг хавдраар нас бардаг. Хөхний хавдар эрт шатандаа оношлогдвол эмчилгээний дараа 5 жил амьдрах чадамж 80%-с дээш, хожуу шатандаа оношлогдвол  10-40%. Хөхний хавдраас үүдэлтэйгээр эдийн засагт учирч буй хохирол дэлхийн хэмжээнд 88 биллион ам.доллартай тэнцэж байна. 

Хөхний хавдар гэж юу вэ?

Хөхний хорт хавдар нь сүүний булчирхайн цорго эсвэл хэлтэнг хүрээлж байдаг хучуур эдийн хэвийн бус ургалтаас үүсдэг. Эдгээр хавдрын эсүүд нь хяналтгүй ургаж, биеийн бусад хэсгүүд рүү тархах аюултай. Эрэгтэй эмэгтэй аль ч хүйсний хүмүүст хөхний хорт хавдар үүсэх боломжтой ч, эрэгтэйчүүдэд төдийлөн элбэг биш.

Хөхний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлүүд

  • Эмэгтэй хүйс: Хөхний хорт хавдар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү тохиолддог. 
  • Ахимаг нас: Нас ахих тусам хавдартай болох магадлал нэмэгддэг
  •  Хөхний өвчний түүх: Хэрэв урьд өмнө нь хөхний өвчнөөр өвчилж байсан эсвэл эдийн шинжилгээгээр батлагдсан хөхний эмгэгтэй
  • Удамшлын эмгэг: Хэрэв таны ээж, эгч, охин тань хөхний хавдраар залуу насандаа оношлогдож байсан бол таны хөхний хавдартай болох магадлал нэмэгддэг. Гэвч, ихэнх тохиолдолд шинээр бүртгэгдсэн хөхний хавдартай эмэгтэйчүүд ямар нэг удамшлын өгүүлэмжгүй байдаг. 
  • Сарын тэмдэг эрт ирэх: Сарын тэмдэг 12 наснаас өмнө ирэх
  • Оройтож хүүхэдтэй болох: Анхны хүүхдээ 30 болон түүнээс дээш насанд төрүүлсэн. 

Хөхний хорт хавдрын шинж тэмдгүүд 

  • Хөхөнд зангилаа тэмтрэгдэх, хөхний арьс бусад хэсгүүдээс өөр тэмтрэгдэх 
  • Хөхний хэмжээ, хэлбэр, харагдах байдалд өөрчлөлт гарах 
  • Хөхний товч цааш татагдаж орох
  • Хөхний толгойноос шүүдэс гарах
  • Хөхний арьс татагдах
  • Хөхний арьс улайх эсвэл тууралт гарах

Урьдчилан сэргийлэлт

Хөхөө өөрөө шинжлэх 5 дараалал. Зарим тохиолдолд нөхөр найз залуу нь эхнэр, найз бүсгүйнхээ хөхөнд ямар нэг зүйл тэмтрэгдэхийг мэдрээд эмнэлэгт ирж эрт эмчилгээнд орж, эрүүл саруул аж төрж буй тохиолдлууд цөөнгүй бий. Хөхөө өөрөө шинжлэх нь урьдчилан сэргийлэл арга хэмжээний хамгийн гол хэсэг юм. 

Дараалал1: Толины өмнө зогсоод биеэ суллаад 2 хөхийг ажиглана.Хэлбэр, хэмжээ, өнгө гэх мэт.

Дараалал2: Зүүн гараа тохойгоор нь нугалан дээш өргөж толгойнхоо ард байрлуулна. Баруун гарын хурууны өндгөөр зүүн хөхийг зөөлөн тэмтэрч шалгана. Дараа нь арай чанга дарж ямар нэгэн бэрсүү, ургацаг байгаа эсэхийг шалга. Энэ маягаар баруун талынхаа хөхийг зүүн гараар шалгана

Дараалал 3: Хөхний толгойг эрхий ба долоовор хуруугаар зөөлөн чимхэж, ямар нэг зүйл, шингэн ялгадас гарч байгаа эсэхийг шалга.

Дараалал 4: Хурууны өндгөөр хөхний товчийг тойруулан тойрог маягаар эсвэл шулуун шугамаар эсвэл гэрэл цацрах маягаар төвөөс зах уруу чиглэсэн иллэг хийж тэмтэрч үзнэ.

Дараалал 5: Хөх ба суганы хонхор хоорондын зай, хөхний хэсэг, нөсөөтэй хэсэг, хөхний товч орчмыг үлдээлгүй сайтар тэмтэрч шалгах шаардлагатай

Хэрэв хөхөө шинжилсний дараа шинж тэмдэг хэсэгт дурдагдсан зүйлс илэрвэл эмчид хандаараарай. Хөхөнд тэмтрэгдэх нийт массын 5% нь л хөхний хавдар байх магадлалтай.  Эмнэлэгт танд маммограм (рентген туяаны тусламжтайгаар хөхний эмгэгийг тодорхойлох ) болон хөхний хэт авиан шинжилгээ хийх болно. 

Эрт илрүүлэг, эрт эмчилгээ, эрүүл амьдрал!

Нийтлэл хэр санагдав?
+1
3
+1
1
+1
0
+1
0
+1
1
+1
0
Өмнөх

Lifestyle diseases буюу Амьдралын хэв маягийн өвчнүүд гэж юу вэ?

Дараах

УХААЛАГ УТАС СЭТГЭЛИЙН ХААЛГА ТОГШИГЧ