Эцэг эхтэйгээ ээнэгшсэн төрөл нь Хосын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

5 минут

Ээнэгшилт нь хэн нэгэнтэй сэтгэл хѳдлѳлийн хувьд холбоо тогтоохыг хэлдэг (Fraley, 2010) ба сэтгэл зүйч Жон Боулби нь хүүхэд насанд  үүсэх харилцаа холбоо нь цаашдын амьдралд нь онцгой нѳлѳѳ үзүүлдэг гэж үзсэн (Bowlby, 1969). 

Ээнэгшилтийн онолын гол үзэл санаа нь хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчдын хооронд сэтгэл хѳдлѳлийн холбоо тогтон хѳгжих үйл явц бѳгѳѳд тэдний ээнэгших үйл явц нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, бие хүний хѳгжилд хэрхэн нѳлѳѳлдѳг болохыг тодорхойлдог (Bowlby, 1980) ба 0-3 насанд бий болдог байна. 

Тэгвэл ээнэгшилт нь насанд хүрэгчдэд хэрхэн илэрч гарч ирдэг вэ гэдгээс илүүтэйгээр 0-3 насанд яаж бий болдог, ээж аавтайгаа ямар загвараар ээнэгшдэг, тухайн загвар болгон харилцаан дээр хэрхэн илэрч гардаг талаар та бүхэнд доорх мэдээллийг бэлтгэлээ.

Сэтгэл судлаач Инс Ворд 1960 онд 0-3 насны хүүхдүүд дээр судалгаа хийсэн. Ингэхдээ хүүхдүүд дөрвөн өөр загвараар эцэг эхтэйгээ ээнэгшдэг гэдгийг тогтоосон байна. 

 

PPT.001.jpeg

Дээрх зурганд харагдаж буйгаар зугтаалт маш өндөр, зугтаалт бага буюу илүү тайван, мөн түгшүүр өндөр болон бага гэсэн хоёр хэмжигдэхүүн дээр лабораторид гурван настай хүүхдийг эцэг эх нь орхин явж эргэн ирэхэд хүүхдийн гаргаж буй хариу үйлдлээр хүүхдүүдийг дөрвөн хэсгийн алинд багтаж буйг тодорхойлж гаргасан байна. 

Зугтаалт бага – түгшүүр бага буюу Аюулгүй загвар

Энэхүү ээнэгшилтийн загварыг хамгийн эерэг харилцаагаар холбогдсон аюулгүй холбоо гэж үздэг. Аюулгүй холбоог хэрхэн таних вэ гэвэл уйлж буй хүүхэд дээр эцэг эх нь ирснээр хүүхэд тайвширч уйлахаа больдог ба хүсээд байсан хүн нь хэрэгцээ шаардлагыг нь ханган өгснөөр зугтаах шаардлагагүй болж айдас, түгшүүр нэмэгдэлгүй тайвширч чаддаг.  Уг ээнэгшилт нь хүн хоорондын харилцаан дээр аюулгүй тайван харилцааг бий болгож чадна ба хосын харилцаан дээр нөгөө хүндээ итгэж, тухайн хүнийхээ итгэлийг нь хүлээн авч чаддаг харилцан үйлдлээр илэрдэг байна.  

Зугтаалт, түгшүүр өндөр буюу Түгшүүртэй загвар

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл уг ээнэгшилтийн загвартай хүүхдүүд сэтгэл санааны дарамттай гэсэн үг. Ийм хүүхдүүд эцэг эх нь явчхаад буцаад ирэхэд ээж аав дээрээ очиж байгаа хэрнэ тайвширч чадахгүй, уурладаг. Орон зайн хувьд ойр хэрнэ ээж аав нь хүүхдийнхээ хэрэгтэй үед болон тав тухтай байхад нь хамт байж чаддаггүй зарим үед хэрэгцээ шаардлагыг нь хангадаг ч зарим үед алга болчихдог эцэг эхчүүдийн хүүхдүүд уг харилцаагаар холбогддог. Энэхүү ээнэгшилтын загвартай хүн хосын харилцаанд энэ хүн намайг хэзээ нэгэн цагт орхиод явчих болов уу гэсэн бодлыг үргэлж тээдэг ба үүнээс улбаалан харддаг байна. 

Түгшүүр бага, зугтаалт өндөр буюу Зугтаах загвар

Энэхүү загвар нь зугтаахаас гадна үл тоосон холбоо харилцааг үүсгэсэн байдаг. Уг холбоо харилцааг бий болгодог эцэг эхчүүд хүүхдээ эмээ өвөө, хамаатан садныдаа тодорхойгүй хугацаагаар орхин явдаг эсвэл хийж буй бүх зүйлсийг нь хянадаг. Судалгаагаар эдгээр хүүхдүүд ээж аавыгаа орж ирэхэд хардаг ч үгүй, бие физиологийн хувьд ч ээж аавруугаа ойртдоггүй. Насанд хүрсэн ээнэгшлийн уг загвартай хүн харилцаа бол чухал зүйл биш хэмээн хосын харилцаанаас зугтдаг. 

Түгшүүр зугтаалт өндөр буюу Айдастай загвар

Уг ээнэгшилтийн загвар нь ихэвчлэн гэр бүл нь архины хамааралтай, хүчирхийлэл, ядууралтай байсан тохиолдолд үүсдэг ба тухайн хүүхэд айдас, аюулгүй мэдрэмж маш өндөртэй хэн ч надад анхаарал халамж тавихгүй хэмээн бүх хүмүүсээс зугтаадаг. Хосын харилцаанд ч мөн адил хүмүүсээс зугтаадаг байна. 

Ээнэгшилтын загвар бага насанд хэрхэн үүссэнээс шалтгаалан насан туршид үлддэг боловч хичээл гаргавал энэхүү загвар нь өөрчлөгдөх боломжтой. Хүүхэд насанд үүсэж буй харилцаа холбоо нь тухайн хүүхдийн цаашдын амьдралд онцгой чухал нѳлѳѳ үзүүлдэг тул эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ ээнэгшилтийн загварт анхаарах нь зохистой юм. 

Нийтлэл хэр санагдав?
+1
4
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
Өмнөх

Эрүүл мэндийн ажилтнуудын сэтгэцийн нөхцөл байдал

Дараах

Lifestyle diseases буюу Амьдралын хэв маягийн өвчнүүд гэж юу вэ?