Ямар 4 хандлага хосын асуудлыг хүндрүүлдэг вэ?

4 минут

Америкийн судлаач Жон Готтман хосын харилцааны асуудлуудыг хүндрүүлдэг дөрвөн хандлагын талаар ийнхүү тодорхойлжээ.

  • Бидний хоорондын асуудал маш хүнд

Ерөнхийдөө хосын харилцаан дах асуудлууд шийдэгдэхгүй гэсэн бодол давамгайлах нь салах магадлалыг ихэсгэдэг буюу бидний асуудлууд улам хүндрээд байна, үүнийг шийдвэрлэх боломжгүй, хэн ч бидэнд тусалж чадахгүй хэмээн бодож асуудалд бууж өгснөөр ямар ч асуудлыг шийдвэрлэх боломжгүй болж салахад хүргэдэг. Харин тухайн асуудлыг хэн хэндээ хэрэгтэйгээр, өөрсдийн ур ухаан чадвар нөөц бололцоогоор шийдвэрлэж чадна гэсэн бодолтой хосуудын хамтын амьдралд тулгарах асуудал нь бага байдаг. Үүнээс үзэхэд тулгарч буй асуудлыг бид шийдэж чадна хэмээн үзэж,  өөрийн хандлагыг өөрчилснөөр тухайн асуудлыг шийдэх даван гарах чадвартай болдог байна.

  • Дууны өнгө:

Харилцан яриаг ямар дууны өнгөөр эхэлнэ түүгээр харилцан яриа дуусна хэмээх олон судалгаа хийгдсэн ба тэдгээрийн үр дүнд 96% нь харилцан яриа эхэлсэн өнгө аясаар яриа дуусдаг хэмээх үр дүн гарсан байна. Хосууд хоорондоо харилцахдаа буруу өнгөөр уурласан хашхирсан өнгө аясаар эхлэх нь асуудлыг хүндрүүлдэг. Үүний оронд та ядарсан байна уу?, одоо хостойгоо ярилцахад бие махбод сэтгэл зүйн байдал хэвийн, бэлэн байна уу?, та тохиромжтой орчинд байна уу? зэрэг олон хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй. Хэрэв та ярилцах чадваргүй уурласан байгаа тохиолдолд асуудлыг шийдвэрлэхээ азнаж, тайвширсан үедээ ярилцах нь зөв сонголт юм шүү.  

  • Манай нөхөр муу хүн:

 Уг хандлага нь ихэвчлэн эмэгтэйчүүдээс илэрдэг ба хүүхдээ харах үеэс эхлэн үүсэж бий болдог. Би гэртээ, хүүхдүүдээ харж гэр орны ажил хийдэг харин миний хийж буй зүйлсийг нөхөр маань үл ойшоож хүндлэхгүй байна. Миний нөхөр угаасаа муу хүн тийм болохоор намайг тоохгүй байна гэх мэтчилэн зөвхөн хосынхоо муу талыг олж хардаг. Ингэснээр үл ойлголцол бий болж харилцаанд сэв суудаг байна. Хэрэв та нөхөр, хамтрагч, хосынхоо зөвхөн муу талыг олж харан муу хүн хэмээн бодож эхэлбэл тэр хүн таны төлөө юу хийсэн бэ, сайн давуу тал нь юу вэ гэдгийг олж харахыг хичээгээрэй.

  • Ганцаардаад, ганцаардсан мэдрэмж мэдрээд байна

Гэр бүл, хостойгоо хамт байсан ч ганцаардаж, ганцаардсан мэдрэмж мэдрээд байх нь асуудлыг хүндрүүлдэг байна. Ганцаардал гэдэг нь цэвэр сэтгэл санааны хямралд орж буйн нэгэн илрэл юм. Хүмүүс ганцаардсан үедээ бусдаас тусламж хүсч эхэлдэг боловч  түүнийгээ илэрхийлж чаддаггүй. Ингэснээр сэтгэл гутралын түвшин нэмэгддэг. Сэтгэл гутралын түвшин нэмэгдэж, ганцаардлыг мэдэрснээр хүмүүс өөрийн амьдралд би ганцаараа юм биш үү?, би үр дүнгүй утга учиргүй юм амьдраад байгаа юм биш биз? хэмээн хааяа бус байнга мэдэрч боддог бол өөрийн сэтгэл санаа, оюун ухаанд анхаарал хандуулж мэдэрч буй мэдрэмж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь чухал юм.

Дээрх дөрвөн хандлагын дагуу бодож, мэдрэх нь таны харилцаа салалтруу дөхөж байна гэдгийн илрэл ажээ. Иймд хосын харилцаанд нөлөөлдөг дөрвөн хандлагыг та өөрөө өөрчлөх хэрэгтэй юм. 

Нийтлэл хэр санагдав?
+1
1
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
Өмнөх

Алхалтын тухай та юу мэдэх вэ?

Дараах

Таргалалт ба сэтгэл зүй