Алхалтын тухай та юу мэдэх вэ?

5 минут

Бялдаржуулах төвийн гүйлтийн зам дээр алхаж байгаа хүнтэй та таарч байсан байх. Өөр дасгал хийх юм уу, гүйж болох байсан ч яагаад зөвхөн алхаж байгаа талаар гайхаж байсан уу? Алхах нь хамгийн энгийн, үнэгүй жин хасах арга. Үүгээр зогсохгүй хамгийн амархан, идэвхтэй хийж болох эрүүл хөдөлгөөн юм. Зарим хүн үүнийг дасгал, хөдөлгөөнд тооцдоггүй ч алхах нь хүнийг илүү тэсвэр, тэвчээртэй болгож, илүүдэл илчлэгийг шатааж, зүрхний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 21-р зууны эрүүл мэндийн урианд “Хамгийн сайн эмч бол чи өөрөө, хамгийн сайн эм бол цаг хугацаа, хамгийн сайн дасгал бол алхах” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Алхалт гэж яг юу вэ? – Энгийнээр хэлбэл алхамт хөдөлгөөн буюу ямар нэг субъектэд хөлөөрөө хүрэх үйл явцыг хэлнэ. Хүмүүс гэрээ цэвэрлэх, хүнс цуглуулах зэргээр ойр зуурдаа 3000-4000 алхам алхдаг бол дунджаар 8000 алхам /2.5 км/ алхдаг хүмүүс эдгээр 4000 алхам алхдаг хүмүүсээс илүү удаан насалдаг гэдгийг Харвардын Анагаахын Их Сургуулийн судалгаа нотолсон байдаг. Алхалт нь эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй хүний биед дараах байдлаар эерэгээр нөлөөлдөг болохыг мөн тооцжээ. 

1. Жин нэмэх генийн нөлөөг эсэргүүцнэ

Харвардын судлаачид таргалалтыг дэмждэг 32 генийг судалж, үүндээ 12,000 гаруй хүнийг хамруулсан байна. Энэхүү генүүд судалгаанд оролцогчдын биеийн жинд ямар нөлөө үзүүлж байгааг судалж үзэхэд, өдөрт нэг цаг орчим хурдан алхдаг хүмүүст эдгээр генийн нөлөө хоёр дахин бага байгааг олж тогтоожээ.

2. Чихэрлэг зүйлс идэх хүслийг бууруулна

15 минут алхахад шоколад идэх дуршил буураад зогсохгүй стресстэй үеийн шоколадны хэрэглээг ч мөн бууруулдаг болохыг Эксетерийн их сургуулийн явуулсан хоёр ч судалгаа харуулсан. Мөн сүүлд нийтлэгдсэн судалгаанд алхсаны дараа хүний идэх хүсэл буурч, чихэрлэг амттаны хэрэглээ багасдаг болохыг нотолсон байна.

3. Хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг багасгана

Дасгал хөдөлгөөн хөхний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогдоод байгаа. Тэгвэл долоо хоногт долоо ба түүнээс дээш цаг алхдаг эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл долоо хоногт гурав хүртэлх цаг алхдаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад 14% бага байгааг Америкийн Хавдар Судлалын Нийгэмлэгийн судалгаа харуулсан байна. Түүнчлэн алхах нь хөхний хорт хавдрын эрсдэлтэй, тухайлбал илүүдэл жинтэй, нэмэлт даавар хэрэглэх шаардлагатай эмэгтэйчүүдэд эерэг нөлөөг үзүүлдэг болохыг тогтоожээ.

4. Үе мөчний өвдөлтийг намдаана

Алхах нь үе мөчний үрэвсэлтэй холбоотой өвдөлтийг бууруулдаг ба долоо хоногт 3-4 км алхах нь үе мөчний үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлдэг болохыг хэд хэдэн судалгаагаар тогтоосон. Түүнчлэн остеоартритэд хамгийн өртөмтгий өвдөг, ташаа, тэдгээрийн ойролцоох булчинг бэхжүүлж, үеийн шингэнийг нэмэгдүүлэх замаар үе мөчний өвчнөөс сэргийлдэг байна. 

5. Дархлааны үйл ажиллагааг сайжруулна

Алхах нь ханиад томууны үед таныг хамгаалдаг. 1000 гаруй хүнийг хамруулсан судалгаагаар долоо хоногт дор хаяж таван өдөр, өдөрт багадаа 20 минут алхдаг хүмүүс долоо хоногт нэг удаа дасгал хийдэг хүмүүсээс 43% бага өвддөг болох нь тогтоогджээ. Түүнчлэн өвдсөн ч харьцангуй богино хугацаанд үргэлжилж, илүү хөнгөн шинж тэмдэг илэрдэг байна.

https://www.health.harvard.edu/heart-health/step-up-your-walking-game

https://www.health.harvard.edu/staying-healthy/5-surprising-benefits-of-walkinghttps://wenku.baidu.com/view/00cb4041ad1ffc4ffe4733687e21af45b207fe4f.html?fixfr=i597HElP2RtC40YaATRzIw%253D%253D&fr=income11-wk_go_searchX-search

Нийтлэл хэр санагдав?
+1
8
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
Өмнөх

Таны мэдэх ёстой алхалт, гүйлтийн 3 апп

Дараах

Ямар 4 хандлага хосын асуудлыг хүндрүүлдэг вэ?