Хэрхэн сошиал медиа мацаг барих вэ?

8 минут

Фэйсбүүкдэээд эхэлмэгц л ээж “Наанаасаа юу эрж байгаа юм? Хайсан юмаа олсон уу, олсон бол хичээлээ хий” хэмээн сурталддаг байж. Эхэндээ хүний эрх, оюутны эрх, гар утастай хүний эрх ярьж тэмцсэн ч хэсэг хугацааны дараа нээрээ би олон нийтийн мэдээллийн сүлжээнээс юу хайгаад байгаа билээ, миний зорилго юу вэ? хэмээн тунгаадаг болсон.  Өнөөдөр Монголд 2,436,734 хүн ухаалаг утсыг хэрэглэж байна. Хэдэн хувь нь утаснаасаа ухаалаг байж хэрэглээгээ хянаж чаддаг нь эргэлзээтэй. Нэг л орчихвол гариг эрхэс, орон зайн баримжаа хэдэн цагаар ч хамаагүй алдагдана. Саяхан болсон нэг олон улсын хурал дээр шүдний эмч нар үйлчлүүлэгчээ амаа зайлах хооронд сошиал медиа аппликэйшнээ шалгадаг гэж нэгэн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн хошигнож билээ. Үнэн ч байж мэднэ.

5,000 хүн оролцсон судалгаанд дөрвөн хүн тутмын нэг нь 30 минут тутам утсаа шалгадаг, таван хүн тутмын нэг нь 20 минут тутам утсаа шалгадаг нь тогтоогдсон. Цаг бол бүтээмж, бүтээмж бол Мөнгө. Уншигч ахай танд олон нийтийн сүлжээг их хэрэглэснээс үүдэлтэйгээр ажлын бүтээмж муудах, анхаарал төвлөрөхгүй байх, өдрийн төлөвлөсөн ажлууд биелээгүй гэх мэт зүйлс тохиолдож байсан уу. Миний хувьд ажиглагдсан зүйл нь төвлөрөх чадвар буурах, зарим тохиолдолд өдрийн төлөвлөсөн ажил гүйцэтгэгдээгүй байх. Фэйсбүүк, Твиттер, Инстаграм дээр бол нэг пост дээр удах, тогтож унших ховор тул 1,2,3 дараагийн пост 1,2,3 дараагийн пост гэх дарааллаар тархи ажилладаг байх.Төвлөрөл муудах үүнтэй холбоотой ч байж мэднэ. Цаашид судлууштай.

Нэгэнт өөрийн цахим хэрэглээнд асуудал байгааг оношилсон учир эмч хүний хувьд эмчилгээ бичиж буруу зуршлыг арилган, бүтээмжээ нэмэгдүүлж өөрийн хүсч буй өдрөө бүтээх нь ойлгомжтой. Гал дээр тос нэмсэн нэгэн судалгаанд эрэгтэйчүүдийн 51%, эмэгтэйчүүдийн 41% нь гар утасгүйгээр амьдрах боломжгүй гэж хариулсан учир нэг ийм блог байх хэрэгтэй болов уу гэж бодлоо.Та бүхэнд хэрэгтэй бол ашиглаад, хэрэггүй бол алгасаад яваарай. Сошиал медиа таны амь амьдралын баталгаа, мөнгө хийдэг баталгаат хэрэгсэл тань бол таныг энэ нийтлэлийг уншилгүйгээр аз жаргалтайгаар өөрийн ажлаа үргэлжлүүлэхийг хүсье. Харин үгүй бол үргэлжлүүлцгээе.

Миллениалуудын эрин зуунд мэдээлэл, технологи, цахим сүлжээгүйгээр амжилтад хүрнэ, өдөр тутмын ажлаа амжуулна гэдэг нь өдрийн цагаар дэнлүү бариад явсан ч яаахгүй гэдэгтэй яг адилхан. Тиймээс нөхцөлд тохируулан, бүтээмжинд нөлөөлөхгүйгээр зөв зохистой ашиглах нь туйлын чухал юм. Миний хувьд цаг үе, хичээл, ачаалал зэргээс хамааран гурван төрлийн аргыг ихэвчлэн ашигладаг. Төлөвлөх, Өдрийн бонус, Мацаг барих.

ТӨЛӨВЛӨХ

Энэ арга өдөр тутам тохиромжтой ба ээжийн хэлж байсан Наанаасаа юу эрж байгаа юм? Хайсан юмаа олсон уу, олсон бол хичээлээ хий гэдэгтэй шууд холбогдоно. Ямар нэгэн аппликэйшн орохоосоо өмнө юу хийхээ тооцоол. Ажлын, найзуудын, үйл ажиллагааны групп орж мэдээлэл авах, сонирхдог шинжлэх ухааны пэйжүүдээс мэдээлэл авах, хэн нэгнийг олох харилцаа холбоо тогтоох, өөрийгөө урамшуулах, зүгээр л фэйсбүүкдэх, newsfeed ухах гэх мэт. Нэгэнт тооцоолсон зүйлээ хийж буй тул өөр бусад бүх зүйлийг орхиод сошиал медиадаа жарга. Харин зорилгоо биелүүлмэгц жаргалаа аз жаргалтайгаар орхих хэрэгтэй. Шууд LOG OUT хий. Тэгээд оффлайн амьдралаа үргэлжлүүл. Хичээлээ хий, номоо унш, хөгжилд. 

ӨДРИЙН БОНУС

Шахуу хөтөлбөртэй, ачаалал ихтэй үед хэрэгжүүлэхэд тун тохиромтой. Ирэх хоёр жилээс нэг жилийн өмнө, Өмнөх нэг жилийн дараах жилийн хавар би мэдрэлийн дүрс оношлогооны хэсэг дээр нэг сарын тойролт хийх болсон юм. Кэйсийн хэцүүг, тохиолдлын олныг, үеийн нөхдийн өрсөлдөөнтэйг хэлэх үү. Уншаад гэдэг командтай, ном-компьютер томографи- ном гэдэг алгоритмтай байсан үе. Энэ дунд утсаараа оролдож сошиал медиа ухна гэдэг нь үеийн өрсөлдөгчдөө  ТИЙМЭЭ ЧИ ЯЛЛАА балиар амьтан минь гэж хэлж буйтай яг адил. (манай салбар нэлээд өрсөлдөөнтэй, хэн сайн мэддэг нь их кэйс уншиж илүү их туршлага хуримтлуулах хандлагатай байдаг юм, гэвч хүн бүр хүртэх ёстой мэдлэг, туршлагаа бол хүртдэг)  Тиймээс мэдээллээс хоцрохгүй байх, сошиал медиад байх хэрэгцээгээ хангах үүднээс оройн хоолны дараа 18:00- 18:30 хооронд сошиал медиа ашигладаг байв. Мөн энэхүү 30 минутыг үр бүтээлтэй байлгахын тулд хамгийн түрүүнд харах контент (see first) тохиргоог бүх зүйл дээр сайн ашиглах хэрэгтэй.  

Өдрийн бонус бол сайн ажилласан өөртөө өгч буй өдрийн бонус юм. Бэрхшээлийг хүртэл бэлэг болгож орхих гэж….

МАЦАГ БАРИХ

Энэ бол хамгийн хүнд хэлбэр. 7 хоног, 14 хоног, 1 сараар мацаг барина. Огт сошиал медиа орохгүй. Улсын шалгалт, судалгааны ажлын тайлан бичих, цаг нь тулсан ажлыг гүйцэтгэх зэрэгт тун тустай. Эхний нэг өдөр стресстэнэ, түүнээс хойш бол давгүй. Өнгөрсөн долоо хоногт судалгааны төсөл яаралтай бичих хэрэгтэй байсан тул ашигласан.

Тун үр дүнтэй байж судалгааны төслөө амжилттай бичсэн. Цахим мацаг барилтуудаар олж авдаг зүйлсийн нэг бол өөрийн мэдээлэл авч буй сувгуудаа шинэчилдэг явдал юм. Фэйсбүүк дээр лайк дарсан, давгүй мэдээллүүдтэй пэйжүүдийнхээ үндсэн вебсайтыг нь мэддэг байх нь чухал. Мөн цахим шуудангаа шалгаж байх нь мэдээллээс хоцрохгүй, facebook, twitter, insta гэх мэт сүлжээг хэрэглэхгүй байхад тустай. 

Тэгээд төгсгөлд нь хэлэхэд цахим орчинд цаг өнгөрүүлэхээс илүү үнэ цэнэтэй, утга учиртай зүйл хийдэг болчихвол олон цагийг фэйсбүүкд (олон нийтийн сүлжээг ашиглах) зарцуулахаа байчихдаг юм билээ. Орлоо зорилгоо биелүүллээ гарлаа. 

Эрүүл энхийг хүсье

Нийтлэл хэр санагдав?
+1
3
+1
0
+1
3
+1
0
+1
1
+1
0
Өмнөх

ТУРШИЛТЫН АРГА БАРИЛЫГ БИД ГАРААНЫ БИЗНЕСИЙН ЕРТӨНЦӨД МАШ САЙН ОЙЛГОЖ АВДАГ

Дараах

Илүүдэл жин ба таргалалт 13 төрлийн хавдрын шалтгаан болдог